Зургийн цомог

Thursday, November 18, 2010

Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал
үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сүмбэ (Сьянбы) улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь анхны Монгол аймгийг үүсгэн байгуулагч гурван овгийн нэг гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Гүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.
13-р зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны Есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, Цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж Дундад Ази, Зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.
Дундад зууны үед урианхай аймаг Хэнтийн нуруунаас Хөвсгөлийн уулс руу нүүж, улмаар тэндээс Ойрад монголчуудын нэрэн дор Ил Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ. 18-р зууны дунд үеэс Алтайн нуруунд суурьшиж тэндээ одоог хүртэл аж төрж байгаа болно.
Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн урианхай, Хөвсгөлийн урианхай, Алтайн урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн урианхайчууд Хөвсгөл нутгаар, Алтайн урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.
Тува буюу Тагнын Урианхай
Эдгээр Монгол урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй тувачуудыг мөн Тагнын урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд 14-15-р зууны үед урианхайчууд Хөвсгөл нутаг руу нүүж нутаглсан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны тува иргэд (анхны нэр нь Тоба улсын үеэс гаралтай) урианхайн нэрийг авч Тагнын урианхай гэж нэрлэгдэх болсон, уугуул нэр нь Тува буюу Тоба болно.
Урианхайчуудын хамгийн том төлөөлөгч болох Алтайн урианхай нь урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох Наадамд Урианхай сурын харваа хэмээн орж наадаж байна.
Урианхай сурын харваа нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь Наадмаар харвах зуны сур харваа, өвөл Цагаан сараар голын мөсөн дээр харвах Мөсний сур харваа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.
Мөн Алтайн урианхайчууд тууль хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.

No comments:

Post a Comment