Зургийн цомог

Thursday, November 18, 2010

Буянт сумын Ахлах сургуулийн танилцуулга

Эрхэм зорилго: Үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан хүүхэд бүрийг мэдлэг боловсролтой, амьдрах ухааны баримжаа бүхий, эрүүл чийрэг, бүтээлч, бие хүн болгон төлөвшүүлэн нийгэмшүүлэхэд оршино.
Тус сургууль нь 1944 оны 7-р сарын 4-ний өдөр “Бага сургууль” нэртэйгээр байгуулагдав. Анх Сагсай голын эрэг дээр 1 бүлэг, 2 багш, 20 сурагчтайгаар 2 эсгий гэртэй хичээллэж эхэлсэн байна. Сургуулийн анхны захирал-багшаар нийслэл Улаанбаатар хотод багш нарын бэлтгэх сургуулийг 1942 онд төгссөн тус сумын харъяат Айвангийн Цэдээ томилогдон ажиллаж байв.
1948-1949 оны хичээлийн жилээс 10 тасалгаатай хичээлийн шинэ байр ашиглалтнад орж үйл ажиллагаагаа явуулсан байна. Тус сургууль жилээс жилд өргөжин 1968-1969 оны хичээлийн жилээс 15 багш, 13 анги,  356 сурагчидтай, 8 жилийн сургууль болж хичээллэж эхлэв.
1990-1991 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болон өргөжсөн ба 1984 онд 80 хүүхдийн 2 давхар дотуур байр, 1992 онд хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орж анги танхим, дотуур байрны хүрэлцээ сайжирсан.
Тус сургууль анх байгуулагдсан цагаасаа хойших 60 гаруй жилийн хугацаанд удирдлага зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авсны үр дүнд сурагчдын сурлагын түвшин дээшилж аймаг улсын олимпиадад удаа дараа 1-3-р байр эзэлж байлаа. Сургууль төгсөгчдийн дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар алдарт барилгачин Билэгтийн Цээхээ, трактор, комбайнч Баастын Батаа, Гончигийн Дампил, мал эмнэлэгийн шинжлэх ухааны доктор, профессор Аюурын Хөхөө, техникийн ухааны доктор  Цэрэнгийн Сосорбарам, Ардын жүжигчин Банзарын Дамчаа, гавъяат тээвэрчин Мониодойн Дондог, Урлагийн гавъяат зүтгэлтэн Риймэдийн Самжид, Шалмаагийн Ёлка нарын олон сайчууд төрөн гарснаас гадна олон зуун сурагч үйлдвэрлэлд гарч үр бүтээлтэй ажиллаж улсын аварга малчин, төлчин төрөн гарсан нь тус сургуулийн баяр бахархал юм.

1993 оноос хойш нийт төгсөгчдийн 70-80% нь их, дээд сургууль, үүний дотроос 50-60% нь улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.
Тус сургуульд ажиллаж байсан багш нарын дундаас сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөөрөө шалгарсан багш Б.Хуспахан, Т.Уртнасан нар “Алтан гадас” одонгоор, Х.Шадет, Күлимхан, Х.Асхар, Т.Сурах, Т.Энэбиш, Д.Цэцгээ нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Х.Шадет, Ж.Альхан, Б.Хуспахан, Т.Уртнасан, Р.Хабдуали, Н.Хурмет, Х.Асхар, Т.Сурах, Т.Энэбиш, З.Мейрам, Б.Цэрнээ, Т.Дуламсүрэн, Д.Цэцгээ, Б.Алтанзаяа, Д.Баасанжав, А.Болатхан нар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан байна.
Одоо тус сургуульд 618 сурагч суралцаж, төрөл бүрийн мэргэжлийн 48 багш, туслах ажилтан 33, нийт 81 орон тоотой ажиллаж, дотуур байранд 140 сурагч амьдарч  байна. Багш нарын 47% буюу 18 багш мэргэжлийн зэрэгтэй, үүнээс тэргүүлэх 10, заах аргач 8 багш ажиллаж байна.
Сургуулийн номын сан уран зохиолын болон онолын 4000, сурах бичиг 3800, нийт 7800 ширхэг номын фондтой бөгөөд улирал тутамд 4-5 төрлийн хэвлэл захиалан багш сурагчдад үйлчилж байна.

1 comment: